МОНГОЛЧУУДЫН ҮНДЭСНИЙ ҮЗЭЛ МОНГОЛ ДЭЭЛТЭЙ ХАМТ ДАХИН СЭРГЭВ
Эзнийх нь зөвшөөрөлгүйгээр эд зүйлсийг оролдоход хэн ч дургүй байдаг. Тэр тусмаа бүрэн эрхт тусгаар улсын ард түмний зуун зууны туршид өвлөж хэрэглэж ирсэн үндэсний хувцасыг ” энэ минийх” гээд булааж авах гэвэл олон нийтээрээ уурлан бухимдах нь зүйн хэрэг.
Соёлын өвөөс үүдэлтэй ийм л асуудал монгол залуусын эх оронч сэтгэлийг урьд хожид байгаагүйгээр хөндсөн юм. Өөрийн өв уламжлалаа бусдад алдах гэж буйгаа мэдээд “дээлтэй монгол” гэж хөдөлгөөн хүртэл байгуулснаа зарлав. Хөдөөнийх гэж гологдон социализмын үед нүд үзүүрлэгдэж асан монгол дээлийн нэр хүнд сүүлийн зуун жилд байгаагүйгээр ихэд өслөө. Цагаан сараас бусад үед өмсөх газар олдохгүй бүтэн жилийн турш авдарт эвхээстэй хэвтсээр нугалаасаараа урагдчихдаг байсан гоёлын дээлүүд энэ жилийн цагаан сараар тэргүүн зэрэгт өргөмжлөгдөв. Баячууд өндөр үнэт торгон дээл дээр алт мөнгөн эдлэл хослуулан, залуус охид орчин үеийн загвартай үндэсний дээлээрээ гангарсан нь гоёх дуртай манай ард түмэнд ихэд таалагдав.
Монгол дээлийг хүн энгэртэй хувцас гэдэг. Энэ нь баруун талаасаа өврөө уудалдаг дөрвөлжин зах, энгэртэй дээл хантаазыг хэлдэг. Сүүлийн үед монгол дээлийн загварыг өөрчилж тууш энгэртэй болгож өмссөн хүмүүс их харагдах болж. Энэ нь хан үндэстний соёлруу ойртоод байгаагийн шинж юм.
Аливаа үндэстний оршин тогтнохуйн үндэс нь өнө эртнээс өвөг дээдсээс уламжлан ирсэн оюуны болон эд өлгийн соёлыг баяжуулж хэрэглэн, хойч үедээ өвлүүлэн үлдээх явдал билээ. Олон зуун жил өмсөж ирсэн хувцас минь ёс, зан заншилтайгаа нягт холбогдож ирсэн юм.
Мандах төрийн малгай, дэвших төрийн дээл, тулах төрийн гутал, бүтэх төрийн бүс хэмээх дөрвөн цогц хувцаснаас Монгол хүний хувцас бүрддэг. Монгол хүн элэг бүтэн явахын тул энгэрээ товчилж, бүүрэг бүтэн явахын төлөө бүсээ бүсэлдэг. Бэлэвсэрлийн хугацаанд энгэрийн товчийг товчилдоггүй гэдэг ёсны учир энэ. Монгол улс минь хоёр үндэстэн, 24 ястантай. Яс үндэстнүүд яагаад өөр өөр хувцастай байсан нь цусаа цэвэр байлгах гэсэн Монгол их ухаан. Энэ сайхан хувцасыг өвөг дээдэс минь хэрэглэн гоёж, хойч үе бидэндээ өвлүүлэн үлдээсэн, бид ч үр хойчдоо өвлүүлэн үлдээнэ.
Гэвч сэтгэл эмзэглүүлсэн асуудал их байна аа. Үндэсний гоёл Монгол дээл өдөр тутмын хэрэгцээнээс гарч жилдээ хоёрхон удаа цагаан сар, үндэсний баяр наадмаар л өмсдөг хувцас болж хувирсан нь үнэн. Зөвхөн гоёлын хувцас болж хувирсан монгол дээлээ аль болох өргөн хэрэглэж байхыг саяхан байгуулагдсан “дээлтэй монгол” хөдөлгөөнийхөн уриалж байгаа. Үүнийг монголчууд дэмжих ёстой. Наадмаар бөхчүүд нь гоёдог, их дээд сургуулийн төгсөлтийн баяраар ганган шаавай охидууд нь л хэдэн цаг өмсөөд далд хийчихдэг болсон монгол дээлээ бид яагаад өдөр тутмын хэрэглээ болгож болохгүй гэж? Үнэндээ Монгол дээл минь ямар агуу билээ. Нөмрөөд унтахад хөнжил, гадаалахад хаалт болдог монгол дээлийг хүйтэн сэрүүний улиралд дах мэт зузаан, халуун зуны цагт өд мэт хөнгөн байхаар хийж болдог. Хүний хэрэгцээг нэгэн зэрэг хангаж өгдөг хувцас өөр ямарч үндэстэнд байхгүй.
2005 оны Үндэсний их баяр наадмын өмнө Монгол дээл оёдог оёдолчин өндөр үнээр хөлслөж ажиллуулна гэсэн зар зурагтаар гарч байсныг санаж байна. Тэр зарын дагуу миний танил нэгэн эмэгтэй очиж уулзжээ. Зарын дагуу очсон хэдэн оёдолчиныг ” Эрээн хотод нэг сар ажиллуулна, замын зардал, байр хоол үнэгүй, сард 300.000-500.000 төгрөгөөр цалинжуулна” гэсэн болзолтойгоор авч явсан байна.
Монгол хүний цайлган сэтгэлээр манай хэдэн оёдолчид тэнд олон арван шавьтай болж хамаг нарийнаа зааж сургаад ирсэн гэнэ лээ. Тэдгээр бүсгүйчүүдийг буруутгах аргагүй. Ажилгүй гэрт сууж байгаа хүмүүст боломжийн мөнгө амлаж ажил санал болгоход уухайн тас зөвшөөрөх нь хэнд ч ойлгомжтой. Гэтэл энэ нь дотор газрынхны холын санаа байж. Одоо Монгол дээл оёх бүх технологи дарааллыг мэдээд авчихсан юм чинь зөвхөн өөрийн болгох л үлдэж. Монгол дээлийг Юнескод бүртгүүлэхээр бэлтгэлээ базааж дуусаад удахгүй дэлхийг тамгалсан ээтэн гутал, талд сувд шиг цайрах өргөө цагаан гэрийг минь бүртгүүлэхээр санаархаж мэдэх нь ээ.
XXI зууныг Хятадын зуун болно гэж дэлхий даяар ярьж бичиж байгаа болохоор үүнд бүрэн итгэчихсэн хятадууд хөрш зэргэлдээ орнуудынхаа соёл урлаг, түүх шастир, эд өлгийн зүйл рүү өнгөлзөж “минийх” хэмээн өмчилж, НҮБ -д бүртгүүлэх ажлаа хэрэгжүүлээд эхэлчихэж. Тууль, хөөмийг минь өөрийн нэр дээр бүртгүүлээд сэтгэл нь ханаагүй хан үндэстнүүд одоо бүр хүн энгэртэй дээлийг минь бүртгүүлэх гээд шуурхай хөөцөлдөж байгаа гэнэ лээ. Эцэст нь Монгол улсыг маань Хятадын харьяат өвөрлөгч орны нэг хэсэг гэж зарлах нь дутаж байх шив. Их гүрний дээрэнгүй бодлого гэж үүнийг хэлдэг байх.
Монгол үндэсний дээлийг хятадын өв соёл болгож алдах нь гэж тэвдэж байгаа энэ цагт бид дэлхийн соёл иргэншилрүү ойртож байна, соёлжиж байна гэж их барилга руу хошуураад Монгол гэрээ бас л алдах нь. Сая болсон өвлийн цагаан олимпийн үед Канадад Монгол орчин үеийн гэр болгож цахилгаан халаагуур тавьж, вакум цонх хийгээд жуулчны бааз барьсан байхыг харлаа. Энэ бидэнд өгч байгаа том дохио биш гэж үү. Зөвхөн Хятадууд ч биш гадныханд хамаг юмаа алдаад дуусах нь. Удахгүй Их хаан Эзэн Чингэсийг нууц товчоотой нь манайх гэх вий. Харж суусаар бүгдийг алдах нь Монголчуудаа!
НҮБ-д Монгол улсыг төлөөлөн хагас зуун жил суусан эрхэм элчин сайдууд өнөөдрийг хүртэл Монгол хөөмий, тууль, дээл болон өөр бусад үндэсний өв соёлуудаа Юнескод бүртгүүлж байхгүй юу хийж байсан юм болоо! Дэлхий дахинаа даяаршиж байгаа ч Монгол улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди Даяаршилын эрин зуунд Монгол улс дангааршин даяарших ёстой гэж хэлсэн байдаг. Энэ нь өөрийнхөө үндэсний бахархал болсон их өв соёл, зан заншил, дээл хувцас, соёл иргэншилтэйгээ хамт даяаршина гэсэн үг ээ.
the attachments to this post:












I totally agree with this citizen journalist. We have to protect and keep our noble tradition and its heritage.
I heard that multiple countries can register the same tradition as Cultural heritage at UNESCO together. I think it is difficult to stop China from registering but it is possible to register, too.
Watch up Chinese/Korean expansions in Mongolia!