Иргэн баян бол улс баян гэж сайхан үг бий
Иргэн баян бол улс баян гэж сайхан үг бий. Бурхнаас заяасан монгол нутагтаа хүн бүр сайхан аж төрөөсэй гэж энэ үгийг С.Данзан хэлсэн байх гэж төсөөлнөм.
Сүүлийн үеийн монголын хэвлэл мэдээллийн хэрэгслийн топ мэдээ нь мэдээж Монгол Улсын ирээдүйн хөгжил цэцэглэлттэй холбоотой асуудал буюу Оюутолгойн орд газрын хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурах тухай мэдээлэл байлаа. 「…Төслийн хугацааны туршид дэлхийн зах зээл дээрх нэг тонн цэвэр зэсийн үнийг дунджаар 4408.0 ам.долларт хэлбэлзэнэ гэж тооцоход 「Оюу Толгой」 төслөөс төрөл бүрийн татвар, төлбөр, хураамж болон ногдол ашгийн орлогоор Монголын тал нийт 29.1 тэрбум ам.долларын орлого олох тооцоотой байгаа бол Хөрөнгө оруулагчийн хувьд 「Оюу Толгой」 төслөөс нийт 25.7 тэрбум ам.долларын орлого олох тооцоотой байна/1」 гэсэн өгүүлбэрээс үзэхэд эл үйл явдлын эдийн засгийн ач холбогдол тодорхойлогдох бизээ. Энэ нь манай улсын 2009 оны төвлөрсөн төсвийн орлогоос бараг 50 дахин илүү тоо тул ДНБ хэдэн хувиар өснө, эх орны хишгийг тараана, эрднийн хувийг хүртээнэ хэмээх нь илүүц биз ээ. Чухамхүү иргэн болгон баяжаасай хэмээн ерөөе.
Маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушиг дээр гэдгийн адилаар эрдэс баялгаа ашиглах гэрээгээ байгуулсан бид олсон орлогоо юунд зарцуулах талаар бодож эхлэх нь лавтай. Боловсрол, дэд бүтэц, хувьцааны зах зээл, өндөр технологи, спорт, урлаг, аж үйлдвэрлэл, фермерийн мал аж ахуй зэрэг хөрөнгө оруулах салбараас гадна нийгмийн халамж хэмээх том мангас тосон хүлээх нь гарцаагүй. Миний бие эдгээр олон салбар дундаас аялал жуулчлалын салбар томоос том байр суурь эзлээсэй, ялангуяа экологийн аялал жуулчлалыг хөгжүүлээсэй хэмээн хүсэж, энэхүү эссэгээ тэрлэлээ.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Баярын хэлсэнчлэн газрын хөрсөн доорх баялаг бол эцэг, өвгөдийн маань үеэс хойч үеийн бидэндээ өвлөж үлдээсэн арвин их баялгийн нэг хэсэг юм. Бидэнд зөвхөн газрын баялаг бус түүнээс ч илүү үнэ цэнэтэй буурал түүхийн маань бахархалт өв, зуун зууны хур шингэсэн оюуны асар их баялаг, монгол хүний золбоо хийморь, авьяас билиг цогцолж байгаа гэдгийг бид мартах учиргүй бөгөөд байгалийн баялгаа монгол хүнийхээ, Монгол Улсынхаа хөгжлийн хурдасгуур болгоход эдгээр хүч нөөцөө бүрэн ашиглах ёстой билээ/2/. Үүнд өндөр түвшинд сэтгэн бодсон менежментийн үр дүн шингэсэн эко аялал жуулчлалыг багтаан хэлсэн гэхэд буруудахгүй болов уу.
Өмнө нь би эдийн засгийн хөгжил ба экологийн аюулгүй байдал сэдэвт эссэгээрээ энэхүү асуудлыг цухас дурдсан одоо хүрээг нь хямж, үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын хүрээнд хэрхэн тусгагдсан байдаг талаар өгүүлье.
Тус баримт бичигт 「Экологийн аюулгүй байдал гэж байгаль, цаг уурын өөрчлөлт болон байгалийн нөөцийг зохистой ашиглах, хамгаалах бодлогын харьцаа алдагдсанаас хүний амьдрах орчин, эдийн засагт үүсэх сөрөг нөлөөллөөс сэргийлэх нөхцөл хангагдсан байдлыг хэлнэ. /3/」 хэмээн тодорхойлоод экологийн аюулгүй байдлыг дараах арга замаар хангана гэжээ. Тухайлбал:
- Байгаль орчноо хайрлан хамгаалдаг ардын уламжлал, ёс заншлыг сэргээж бүх нийтэд түгээн төлөвшүүлэх ажлыг төрийн бодлогын хэмжээнд тавих;
- Эдийн засгаа экологийн баримжаатайгаар хөгжүүлж ЭКОМАРК бүхий бүтээгдэхүүнээр дэлхийн зах зээлд тодорхой байр суурь эзлэх бодлого баримтлах;
- Газар нутгийн зарим шаардлагатай хэсгийг дархлан хамгаалж, бусдыг нь экологийн тэнцвэрийг барих бодлого, хөшүүрэгтэйгээр аж ахуйн эргэлтэд аажмаар оруулах;
- Газрыг чөлөөтэй эзэмших хэлбэрээр эзэнгүйдүүлэх буюу хүн бүрд хувь оноох хэлбэрээр тасдан хуваахаас зайлсхийх, бэлчээрийг эргэж буцалтгүй талхагдалд оруулахаас сэргийлэх;
- Эдийн засгийн дэд бүтэц, байгалийн нөөцийн иж бүрдлийг багтаасан байгаль орчны тэнцвэрийг хангахуйц цогцолбор бүрдүүлэх зорилгоор засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн өнөөгийн хуваарилалтыг цаашид задалж жижигрүүлэхгүйгээр экологи-эдийн засгийн бүс бий болгох чиглэл баримтлах;
- Монгол Улсын нутаг дэвсгэрийг олон улсын хамгаалалттай экологийн бүс нутагт хамруулах бодлого явуулах гэжээ.
Эко аялал жуулчлалыг хөгжүүлснээр экологийн аюулгүй байдлыг хангах бодлого, арга хэмжээг хэрэгжүүлж чадахын зэрэгцээ Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдал, Монгол соёл иргэншлийн аюулгүй байдлыг хангахад бодитой хувь нэмэр үзүүлнэ. Тухайлбал эдийн засгийн аюулгүй байдалд сөрөг нөлөөлөх хүчин зүйл гэдэгт экологийн бодлого алдагдах, ус, ой, мод, хөдөө аж ахуйн эдэлбэр газрын хэмжээ багасах зэргийг тодорхойлсон. Түүнчлэн эдийн засгийн бүтцийн өөрчлөлт4-ийн талаар нэгдсэн бодлоготой байх, экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэл баримтлах, Манай Улстай чөлөөтэй харилцах сонирхлыг өндөр хөгжилтэй, нөлөө бүхий улс орнуудад буй болгох зэрэг нь эдийн засгийн аюулгүй байдлыг хангах бодлого чиглэлд хамаарах болохыг заажээ.
Эко аялал жуулчлал нь Монгол соёл, ахуйг дэлхийн иргэншилтэй хослуулсны үндсэн дээр хөгжих тул түүний соёл, иргэншлийн аюулгүй байдлыг хангахад гүйцэтгэх үүргийг тооцоолоход бэрх юм. Тухайн үед нүүдлийн соёлын давуу талаараа, морин төвөргөөгөөрөө дэлхийн талыг эзэлж явсан монголчууд бид байгальтай шүтэлцэн амьдрах арга ухааныг өөртөө шингээсэн нүүдлийн соёл, ахуйг аялал жуулчлалын менежмэнтээр брэнд болгон хөгжүүлж үр шимийг нь хүртэх зайлшгүй шаардлагатай. Энд брэнд гэдэг үгийг зөвхөн цагаан идээ, ноолууран хувцас, эсхүл хурдан морь уралдах, хүчит бөх барилдах, морин хуурын эгшиг, уртын дуу, хөөмий5 зэрэг бус энэ бүхнийг багтаасан Монголын, бүр Монголын аялал жуулчлалыг багтаасан санаа юм шүү. Өөрөөр хэлбэл Монголын аялал жуулчлал гэхээр дэлхийн иргэнд Парисын цамхаг, Тайваний 101, Хятадын цагаан хэрэм, гэдэг шиг шууд санаанд нь буудаг үйлчилгээг бүтээх л хэрэгтэй дээ, бид.
Эцэст нь өгүүлэхэд газар доорх баялаг хязгаартай, өвөг дээдсийн өв соёл, онгон дагшин байгаль маань бидний өнө мөнхийн баялаг юм билээ.
————————————————
1. http://economics.gogo.mn/news/60408
2. http://www.mfat.gov.mn/index.php?option=com_content&task=view&id=32&Itemid=44
3. Дэлхийн банкны Ядуурлыг бууруулах болон Эдийн засгийн удирдлагын нэгжээс 2007 онд гаргасан Монгол Улсын эдийн засгийн санамж бичигт 「…ДНБ-ннй бодит єсєлтийн эх үүсвэрүүд нь ихээхэн тєвлєрсєн, уул уурхай болон мал аж ахуйн салбараас хэт хараат байдалтай байна. Эдгээр ерєнхий чиг хандлагуудыг гүнзгийрүүлэн авч үзвэл, єнєєгийн энэхїї эдийн засгийн нєхцєл байдалд хїргэхэд нєлєєлсєн зарим нэг єєрчлєлтїїд нь эргээд тус улсын цаашдын єндєр єсєлтийг тогтвортой байлгахад саад тотгор болохуйц байдал ажиглагдаж байна」 гэжээ.
4. Хятад улс Гэсэр тууль, бас хөөмийг өөрийнхөө нэрээр ЮНЕСКО-гийн Соёлын өвд бүртгүүлсэн.
the attachments to this post:









I would like to join with you to make Mongolia greener.